Monday, March 18, 2013

2013-03-18

Сэтгэл санаа шал арчаастай... Аниулсан мэдрэмж. Үе үе энэ хорвоогоос зайлаад өгмөөр мэдрэмжинд автах юм. Магадгүй хэт эгодсоных байх л даа.

 Гэхдээ сүүлийн үед энэ фб гэгчийг устгаж хаяад чих нь дүлий, нүд нь балай амьдармаар ч юм шиг санагдах боллоо. Тэгчихвэл харин хэн ч намайг санахгүй юм шиг байна дөө. Хангалттай шалтгаан байхад ганц утсаар яриад, за яадаж ганц мэссэж бичээд мэнд мэдчих хүн хэд байна? Тийм чинээний найзтай болж чадаагүй, чадахгүй байгаа өөрийн минь л хохь юмдаа. Өрөвдөлтэй санагдаж байна. Гэхдээ яахав фб ордоггүй найзууд байна байна.

 Хүмүүс хэт цахим ертөнцжөөд бодит харилцаа бараг алга болж байгаа юмуудаа. Эсвэл ганц миний л хувьд юм болов уу?

 Уг нь энд ингэж гүн ухаантах гэж орж ирээгүй юм. Гомдлоо л тайлахыг хүссэн юм. Хүссэнээрээ гомдоллох ( хэзээ нэгэн цагт хэн нэгэн унших болов уу, уншсан нэгэн чимээгүй сонсогч шиг учраас)

 Элдвийн л бодол байна. Наад зах нь маргааш хол газар, чухал шалтгаанаар явах гэж байхад  сайн яваад ирээрэй ч байхгүй. Нэг нь цэргийн баяр яриад л, хүний хана дээрээс бичлэг үзчихээд албадаад харуулчихсан юм шиг олон юм яриад гүн ухаантаад, хоёр/3 ч юмуу/ нь ирнэ гэж худлаа яриад л хоол унд хийж хүлээгээд байхад ядаж ажилтай болчихлоо гээд утсаар ч ярьчихгүй. Ер нь хамгийн хэрэгтэй цагт хажууд байх хүмүүс биздээ? найз гэдэг чинь. Би эсвэл тийм хэмжээнд хүрэхгүй найз нь юм болов уу? өдийг хүртэл ганцаараа л өөрөө өөртөө сайн найз гэж итгүүлээд яваад байсан юмуу?

 Энд хичнээн ингэж голдоо ортол гомдож байгаа ч ганц мсж ирэхэд л хамаг хий гарах тийм л найзын сэтгэл байна. Яахав дээ, тэдний хувьд би аль түвшинд байдгаа л мэдэж авч буй хэрэг юмуудөө. Магадгүй би хэт эгодоод байгаа байх. Одоо дөнгөж үд болж байна.

























Thursday, October 11, 2012

2012,10,11

Бүх зүйл сайхан байхад.... нэг л тавгүй хэвээр ... Тэр тусмаа сүүлийн хэд хоног, учир нь олдохгүй гэгэлзээд...

Дахиад хүүхэдтэй болмоор ч юм шиг... Бодит байдлаа харахад арай эрт ч, сэтгэл дахиад хүсэх шиг. Сэтгэл дагаад ч тэр үү тийм мэдрэмжүүд хүртэл гарч ирээд л ...

Материаллаг талын хангамж, хэрэгцээ бүрэн болчихоор материаллаг амьдрал зогсож, өөр ертөнцийн амьдрал дуудаад ч байгаа юм шиг....

Өөрийгөө голох, тэнэгээ мэдрэх мэдрэмж....

Юу ч болоогүй байхад уйлах утгагүй хэрэг.

Хэрвээ сонирхолтойсон бол аль дурын нэг зүүдээ сонгоод хөрвүүлчихэд овоо кино гарч ирнээ. Тэгэхэд энэ сонирхолтой хүмүүс нь юу хийгээд байна ааа..

Saturday, March 3, 2012

2012.03.03 Нартай өдөр

Заримдаа зүгээр л хөнгөн гунигламаар санагдах юм. Магадгүй гуниглахдаа би амьд гэдгээ мэдэрдэг юм болов уу? Тийм ч болохоор би Намарт дуртай. Тэр л шаргал өнгө, нарны улаан туяа... Улаан цэмбэн пальтотой болохыг их хүсдэгсэн.

Хаврын дурсамж... байшингуудын дээврээс унжсан мөснүүд өдрийн илчлэг наранд уралдан хайлж дусагнах, түүний доор хөөрхөн зулзган өвснүүд өрвийлдөн ургаад л. Хаврын хамаг сайхан энэ л юм уу даа, миний хувьд. Тэрнээс хавирга нэвтлэм хавсрага, Улаанбаатрын угаадас үнстэй гудамж уурших, хммм бодолтгүй.

Багахан хугацаанд ч гэсэн хуучин шиг ээ алхсан сайхан байна лээ. Огт гэрээсээ гардаггүй хүн шиг ч юм уу, эсвэл бүр ертөнцөөс ангид хүн хотын гудамжаар алхаж байгаа мэт их сайхан сонин содон мэдрэмж төрөв.

Дуу сонсоод авдаг шигээ таашаалыг бичихдээ би авдаг байсан. Гэвч сүүлийн энэ хэдэн сар яагаад ч юм мэдэхгүй, мэдэхгүй гэж ер нь мэднэ л дээ бичиж чадахгүй болчихсон. Яг энэ мөчид би эрх чөлөөг ойлгож байна. Харин эрх чөлөөгүйг мэдэрч байна. Би оюун санааны эрх чөлөөг хүсч байна. Ямар ч бичих боломжгүй үед толгой тархинд янз янзын бодлууд, санаанууд, наддаа л нээлт орж ирдэг байж бичих боломж гарахад зүгээр л замхраад алга болчихно. Үнэндээ замхарч алга болж байгаа юм биш л дээ, зүйрлүүлбэл хамаг үнэт зүйлээ булаалгахаас айсан мэт тархи хамаг хаалга цонхоо тас гэгч нь хааж орхиж буй мэт. Ингээд л өөрөө өөрийгөө эрх чөлөөгүй болгож байгаа юм. (бас л бөөн нуршилт, арилгахыг хүсэвч залхуу хүрэв)

Энийг үүгээр өндөрлөе... биллбоардын зарим дуу, миний хувьд шинэ дуунууд, сайхан байна.

Saturday, February 4, 2012

2012.02.04 Бямба

Shakira- Don't Bother. Дууны утга хамаагүй ээ. Ая хэмнэл нь яг одоогийн миний сэтгэл санааны байдалд таарч байна. Энэ төрлийн дуунууд хамгийн чанга дээр нь тавиад нүдээ аниад үсчмээр байна. Сэтгэл дотор хурсан бодлуудаа тэгж л гаргаж чадах юм шиг. Эсвэл зүгээр л жоохон хүүхэд шиг ядраад унтатлаа уйлмаар... Бүх зүйл сайхан байхад ийм хачин тэнэг мэдрэмж төрж байгаад уур хүрэх шиг, магадгүй хүнд заримдаа уйтгар гуниг хэрэг болдог байх.

Маргааш эмээ дээрээ очно гэж бодож байсан. Цагаан сараар байж чадахгүйдээ гэж мэдэж байсан ч байх л юм шиг санаж байж. Муухай зүүд зүүдэлсэн даруйдаа л очих байсан гэсэн харуусал... Одоо нэгэнт өнгөрсөн. Сансарын хүрднээс ангижирч чаддаггүй юмаа гэхэд хүний төрлийг олж төрөөсэй.

Нэгэнт нас нөгчсөн нэгнээс дахиж таарлаа ч өмнөх шигээ байж чадахгүй явсан найз, амьд нэгэн илүү харуусалтай бас шаналалтай. Мэдсэн цагаасаа хойш хэзээд хэлдэг миний үг " хайр ганц хүнд оногддог өмч хөрөнгө биш". Би түүнд хайртай, нэгдүгээр тойрогт минь орох хайртай найз байсан юм. Энэ амьдралыг хамт туулах анд нөхдийн минь нэг байсан. Учир шалтгааныг нь ойлгоогүй ч, тэр надаас явсныг л мэдэж байна. Би түүнийг санадаг. Тэр энгийн хэрнээ онцгой нэгэн.

A fine Frenzy...

Friday, December 16, 2011

2011.12.16 Тэмдэглэл

Блог оо гэж. Дэвтэрнээс ялгаатай нь олонд дэлгээтэй байдаг нь л юм даа. Миний бодсон санасан, эргэцүүлсэн, надад тохиолдсон хэрэгтэй хэрэггүй, бүх л үйл явдлууд ганцхан миний дэвтэрт хадгалагдаад надаас өөр, магадгүй санамсаргүй тохиолдлооор гэр бүлийн хэн нэгэнд уншигдхаас өөр зүйлгүй хэвтвэл хайран юм шиг санагдах юм.
Хүн өдөр бүр өөрөө ч анзаарахгүй өөрчлөгдөж байдаг гэдгийг өдрийн тэмдэглэлээ уншаад ойлгосон. 7хон хоногийн өмнө бичсэн ээ хараад ямар тэнэг юм бичээ вэ гэж бодох шиг. Үнэн. Одоо тийм ухаантай болчихоогүй ч тэр өдөр тийм л байсан. Магадгүй өнөөдөр өчигдрөөсөө дээр болсондоо сэтгэл хангалуун байж болох ч юм шиг.